Б.Даваадалай: Энэ бүс нутаг харьцангуй залуу хүн амтай байгаа нь маш том давуу тал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-29 19:13:06

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайг Өвөрхангай аймагт ажиллах үеэр нь уулзаж, бүсчилсэн хөгжил, цаашдын чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Та Өвөрхангай аймагт хэд, хэдэн удаа ирж ажилласан. Бодлогын эдийн засагчийн хувьд тус аймгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Би Өвөрхангай аймагт ажлын шугамаар хэд хэдэн удаа ирсэн. Ер нь, Өвөрхангай аймгийн талаарх миний сэтгэгдэл их өндөр байгаа. Хүмүүс нь даруу төлөв, найрсаг, хөдөлмөрч санагдсан. Мөн бусад аймагтай харьцуулахад, үйлдвэрлэл хөгжсөн нь анзаарагдсан. Түүх соёл, аялал жуулчлал, мал аж ахуйн салбарт асар их нөөцтэй, зам харгуйд эрт холбогдсон, суурь дэд бүтэц сайтай, бодлого нь тогтвортой, хүн ард нь хөдөлмөрч гээд олон давуу тал байгаа нь хангайн бүсдээ хөгжлөөрөө тэргүүлэх суурь болно гэж харж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хэрэгжээд хоёр жил болж байна. Энэ хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосон боловч мал аж ахуйн салбарт хамгийн хүртээмжгүй байсан. Учир нь малчид барьцаа хөрөнгөгүй, банкны шалгуурыг давж чадахгүй байсан гэж дүгнэж байгаа. Улсын хэмжээнд 830 тэрбум төгрөгийн зээл гарсан.


Өвөрхангай аймагт нийт 5.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирснээс 3.6 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. Гэхдээ үүнд малчид хамрагдсан нь цөөн. Энэ бол чамлалттай тоо юм. Энэ жил улсын хэмжээнд 300 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байгаа. Хэрэв бид малчдынхаа зохион байгуулалтыг анхаараад, нэгдэж, хоршиж ажиллахыг дэмжвэл  малчид тогтмол орлоготой байх нөхцөл бүрдэнэ.


Мөн хамтарч, нэгдэж ажиллаж чадвал эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй холбогдож, үр ашигтай хамтран ажиллаж чадна. Орон нутагт мал аж ахуйн түүхий эдийг түшиглэн хөнгөн үйлдвэрлэлээ дорвитой хөгжүүлэх ёстой болов уу. Ялангуяа, арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдээ бүрэн боловсруулахад Өвөрхангайнхныг манлайлахыг уриалмаар байна.




-Монгол Улс бүсэд хуваагдаж, бүсчилсэн хөгжлийн анхны алхмаа тавиад байна. Хангайн бүс буюу Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн хөгжлийн зам, жимийг та хэрхэн зураглах бол?

-Монгол Улсын нийт хүн амын есөн хувь буюу 302 мянган иргэн Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт амьдарч байна. Эдгээр иргэдийн 40 орчим хувь нь 10-44 насны залуус. Тэгэхээр харьцангуй залуу хүн амтай байгаа нь маш том давуу тал. Хоёрдугаарт, энэ гурван аймгийн нийт эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлдэг.

Хамгийн олон буюу нийтдээ 16 сая мал энэ бүс нутагт байна. Гурван аймгийн хэмжээнд 89 мянган өрх айл байгаагаас 49 мянга нь малчид. Тэгэхээр энэ бүс нутгийн гол хөгжил нь мал аж ахуйн салбар юм.


Гуравдугаарт, энэ бүс нутаг түүх, соёлын асар их онцлогтой, байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой, био-анагаах ухаан, рашаан сувиллын асар их нөөцтэй учраас аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж маш их байгаа. Үндсэндээ мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, рашаан, сувилал, био-анагаах ухааны салбарыг хөгжүүлж чадвал энэ гурван аймгийн иргэдийн орлого 2-3 дахин нэмэгдэх боломжтой харагддаг.


Сүүлийн 30 жилд Монгол Улс нүүрс, зэсээ худалдаад орлого олсон уу гэвэл олсон. Харин зарцуулахдаа эдийн засгийн зөв тогтолцоог бүрдүүлээд хүн бүрийн амьдралд тэгш хүртээмжтэй хүргэж чадсан уу гэвэл асуудалтай. Бид олсон орлогоо жалга довны үзлээр тойрог тойрог руугаа татаж, байгууллагын дээвэр засах байдлаар үр дүнгүй цацдаг. Үүнийг л өөрчлөх гэж оролдож байгаа бодлого бол бүс нутгийн хөгжил юм. Аймгуудыг бүсчлээд том зорилго тавьж, түүндээ мөнгө зарцуулдаг байя гэсэн санаа. Тиймээс миний хувьд бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа.


-Та Монгол Улсын эдийн засгийг уул уурхай биш, мал аж ахуйгаа түшиглэн хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Мал аж ахуйн салбар үнэхээр Монгол Улсын эдийн засгийн тулах цэг болох боломж бий юу?  

-Манай улсын эдийн засгийн уламжлалт салбар бол хүнс, хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх тал дээр манайх олон мянган жилийн туршлагатай. Гэтэл Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байна. Энэ бол шавхагддаг баялаг. Хэзээ ч дуусаж болзошгүйгээс гадна дахин нөхөгдөх боломжгүй. Харин мал аж ахуй бол үл шавхагдах, өсөн үрждэг, ундардаг баялаг.


Гэтэл хөдөө аж ахуйн салбар 2000 онд Монгол Улсын эдийн засгийн 40 орчим хувийг эзэлж байсан бол одоо ердөө 15 хувь болж буураад байна. Энэ салбарын 90 хувь нь мал аж ахуй, 10 хувь нь газар тариалан байдаг. Монголчууд бид өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд хэрэгслээ өөрсдөө үйлдвэрлэж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн. Гэвч өнөөгийн нийгэмд дотоодынхоо хэрэгцээг ч бүрэн хангаж чадахгүй байгаа нь харамсалтай.

Ерөнхийдөө, мал аж ахуйн уламжлалт соёлыг технологийн дэвшилттэй нийлүүлэн зах зээлийн эрэлтэд нийцсэн байдлаар хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, мал, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох, дагалдах үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах чиглэлд яаралтай, бодит үр дүнд хүрэх боломж бий.




-АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, Дэлхийн банкнаас ажлын гараагаа эхлүүлсэн, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хүн хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт анхаарч, энэ салбарын асуудлыг онцлоод байгаа нь анхаарал татаж байна.

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд цар тахал, геополитик, уур амьсгалын өөрчлөлт зэрэг томоохон асуудал тулгарсаар байна. Энэ бүхэн цаашдаа хүнсний хомсдол, хямралд хүргэх аюултай. Дэлхий найман тэрбум хүртэлх хүнийг тэжээх чадвартай, үүнээс давсан тохиолдолд олон улсын хэмжээнд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй гэж үздэг. 


Гэтэл НҮБ-ын хүн ам зүйн судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн ам есөн тэрбум, 2050 он гэхэд 11.5 тэрбум хүрнэ гэсэн тооцоо бий. Эндээс үзэхэд, 2030 онд дэлхийн хүнсний хямрал ноцтой асуудал болж, 2050 онд сүйрлийн хэмжээнд хүрэх түгшүүр харагдаж байна. Тиймээс улс орон бүр хөдөө аж ахуйн салбартаа онцгой анхаарч байна. Бид ч дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад хүн төрөлхтний хэрэгцээнд хувь нэмэр оруулахад анхаарах ёстой юм.


-70 сая малтай хэр нь малын гаралтай түүхий эд хямд үнэлгээтэй, малчдын орлого тогтворгүй байгаад таны бодлоор юу нөлөөлж байна вэ?

-Ганцхан жишээ хэлэхэд, Монгол Улс жилдээ 38 мянган тонн хонины ноос бэлтгэж байгаа ч үүнийхээ 75 хувийг нэмүү өртөг шингээлгүй зөвхөн угаагаад экспортолж байна. Үлдсэн нь хаягдал болдог. Судалгаанаас харахад, хэрэв хонины ноосоо дотооддоо бүрэн боловсруулж чадвал энэ салбарын орлого 5-6 дахин нэмэгдэх боломжтой юм. 


-Эдийн засагч бус иргэн Б.Даваадалай гэж хэн болох тухай товч хөөрөлдье. Таны ажлын замнал, амжилтын түүх бахархам санагдлаа.

-Миний бага нас Баянхонгор аймгийн төвд өнгөрсөн. Математикч гэр бүлд төрж өссөн. Миний аав Б.Батсуурь Баянхонгор аймгийн математикийн боловсролыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан хүн. Ээж Д.Буянжаргал мөн л аймагтаа 30 гаруй жил математикийн багшаар ажилласан. Ах, дүү хоёр маань математикийн хүмүүс. Математикч гэр бүлд төрж өссөн гэж ойлгож болно. Би ч багаасаа математикийн хичээлд сонирхолтой, шимтэн суралцдаг хүүхэд байсан.


МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, Монгол банкнаас ажлын гараагаа эхлүүлсэн. Энд долоон жил ажиллах хугацаандаа өөрийгөө улам чадавхжуулах, дэлхийн томоохон сургуульд суралцаж, мэдлэг туршлагаа сайжруулах сэдэл төрж, зохих шалгуур, шаардлагаар шалгалт өгсөн. Өөрөө хичээх л юм бол дэлхийн аль ч сургуульд шалгалт өгөөд суралцах боломжтой цаг үед бид амьдарч байна.


2012 онд Дэлхийн банкны 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, АНУ-ын Колумбын их сургуульд 1.5 жилийн хугацаагаар суралцан эдийн засгийн магистр хамгаалсан. Үүний тулд хоёр жил орчим англи хэлний бэлтгэлд явж, багагүй хичээл зүтгэл гаргаж байлаа.


Сургуулиа төгсөөд АНУ дахь Дэлхийн банкны төв оффист Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байлаа. Дараа нь Монгол Улсад Дэлхийн банкны эдийн засагч, 2021 онд Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан. Харин одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.



-Ийм мэдлэг боловсрол, чадамжтай хүмүүс ихэнхдээ гадны оронд “шингэдэг” шүү дээ. Таны хувьд яагаад эх орноо зорив?

-Өндөр хөгжилтэй улсад амьдраад хувийн карьераа хөөгөөд явах биш улс орныхоо нэг эд эс болоод төрөлх нутагтаа ажиллаж, амьдрах нь чухал гэж би хувьдаа боддог. Тиймээс л Ерөнхийлөгчийн институтэд ажиллахыг өөрийн сурч мэдсэнээ улс орондоо зориулах боломж гэж хүлээж авсан. Мэдээж, нөгөө талдаа асар их үүрэг хариуцлага, сорилт юм.

Колумбын их сургуульд суралцсанаараа монгол залуус хаана ч гологдохгүй мэдлэг оюунтай, ур чадвартай, өсөх ирээдүйтэй, өрсөлдөх чадвартай гэдгийг олж харсан болохоор манай улс бодлогоор дэлхийн томоохон байгууллагуудад залуучуудаа ажиллуулах ёстой юм байна гэж боддог болсон.


-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

 

Холбоотой мэдээ